Sunday, December 30, 2007

Санта Клаус үнэхээр байдаг уу


Улиран одсон зул сарын баяр, угтан ирж байгаа шинэ жилийн баярыг тохиолдуулан та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөж, энэ баяраар хамгийн завгүй байдаг нэгэн эрхэмийн талаарх сонирхолтой тооцоог дэлгэе. Тавлан сууж, тухлан уншаарай.


  1. Одоогоор нээгдэж, бүртгэгдээд байгаа цаа бугын аль ч төрөл нисэж чаддаггүй боловч цаашид ангилан зүйлчлэх шаардлагатай 300000 зүйлийн амьд биет байдаг ажээ. Гэвч эдгээрийн ихэнх нь шавьж, бичил биетнүүд юм. Гэхдээ энэ нь Сантагаас өөр хэн ч хараагүй „нисдэг“ цаа бугыг үгүйсгэх шалтаг болохгүй юм.

  2. Дэлхий дээр 2 тэрбум хүүхэд (18-аас доош насныхан) байгаа ажээ. Гэхдээ Сантагийн ажил муслим, хинди, еврей, буддист хүүхдүүдэд хамаагүй гэж үзвэл зөвхөн 378 сая хүүхэд үлдэх бөгөөд ингэснээр Сантагийн ажил 85%-р буурах юм. Хүн амын тооллогын статистикаас үзэхэд нэг өрхөд дунджаар 3,5 хүүхэд оногдоно гэвэл дэлхий дээр 91,8 сая айл өрх амьдарч байгаа гэж үзэж болно. Харин нэг айлд ядаж нэг сайн жаал байгаа гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх.

  3. Зул сарын баяраар Санта 31 цагийн турш ажиллах шаардлагатай бөгөөд цагийн ялгаатай бүсүүд, мөн дэлхий тэнхлэгээрээ эргэдгийн ачаар Санта маань бодвол зүүнээс баруун зүгт тойрон энэ нүсэр ажлаа амжуулдаг байж таарна. Энэ нь тэрээр 1 секундэд 822,6 айлаар ороод гарна гэсэн үг юм. Үүнийг тодруулбал хүмүүжил сайтай хүүхэдтэй христосын шашинтай 1 айлаар зочлохын тулд цааны цуваагаа зогсоон, чарганаасаа үсэрч буун айлын яндангаар орж, өлгөөтэй оймснуудыг дүүргээд, сүлд модных нь ёроолд бэлгээ байрлуулж, тэр зуураа ширээн дээр үлдсэн амттанаас амсаад, тэгээд буцаад яндангаараа гарч, чаргандаа суугаад дараагийн айлд очих энэ бүхнийг 1 секундыг 1000 хуваасантай тэнцэх хугацаанд амжуулна ёстой юм. Хэрэв түүний зогсох ёстой 91,8 сая зогсоол (айлууд) дэлхий дээгүүр жигд тархан байрласан гэж үзвэл (мэдээж ийм боломжгүйг бүгд мэдэж байгаа боловч тооцоог хялбарчлах үүднээс ингэж үзлээ) нэг айлаас нөгөө айл хүртлэх зай 0,78 миль (1 миль 1,6 км-тэй тэнцэнэ, иймд 1,25 км болно) ба нийт зай нь 75,5 сая миль (120,8 сая км) болох юм. Гэхдээ энэхүү 31 цаг үргэлжлэх аялалд бид бүхний ядаж 1 удаа хийдэг зүйлийн зогсоол болоод идэш ууш, өөр бусад юмны зогсоолыг тооцсонгүй. Энэ бүхнийг амжуулахын тулд Сантагийн хөлөглөсөн чарга 650 миль/сек (1040 км/сек) хурдтай буюу гэрлийн хурднаас даруй 3000 дахин илүү хурдлах ёстой юм. Энэ хурдтай харьцуулах жишээнүүдийг татвал ертөнц дээр хүний гараар хийгдсэн хамгийн хурдан унаа болох Ulysses сансрын хөлөг (NASA болон ESA-н хамтын бүтээл) 27,4 миль/сек (43,84 км/сек), харин ердийн цаа буга 15 миль/цаг (24 км/цаг) тус тус хурдалдаг байна.

  4. Сантагийн хөлөглөсөн чарганы ачааг бас сонирхохгүй орхиж болохгүй нь. Хэрэв хүүхэд бүр 2 фунт (1 фунт нь 0,45 кг гэвэл энэ нь 0,9 кг болно) жинтэй дунд зэргийн хэмжээтэй Lego тоглоомны хэртэй зүйл бэлгэнд авна гэж үзвэл Сантагийн чарганд түүнийг өөрийг нь оролцуулахгүйгээр 321300 тн бэлэг ачигдах ажээ. Тэгвэл ердийн цаа буга газар дээр 300 фунтээс (135 кг) илүүгүй ачааг чирэх чадвартай. Харин “нисдэг” цаа бугыг 10 дахин илүү хүнд ачааг чирч чадна гэж мэлзвэл, 8 тэр ч байтугай 9 “нисдэг” цаа байгаад ч дээрх бэлгийг тээвэрлэх боломжгүй юм. Үүний тулд дор хаяж 214200 ширхэг цаа буга шаардлагатай. Энэ олон тооны цаа буга чарганы жинг тооцохгүй байсан ч ачааг нэмж хүндрүүлэн 353430 тн болгох юм. Энэ хэмжээ нь Queen Elizabeth-н (1940-өөд онд бүтээгдсэн далайн усан онгоц) жингээс 4 дахин их ажээ.

  5. Энэхүү 650 миль/сек (1040 км/сек) хурдтай хурдалж яваа 353430 тн жинтэй цуваа маань ямар их агаарын эсэргүүцэлтэй тулгарахыг тооцоолоё. Агаарын үрэлт нь “нисдэг” цаануудыг маань яг л сансрын хөлөг дэлхийн агаар мандалд нэвтрэх үед үүсдэгтэй яг ижил хэмжээгээр халааж, шарах юм. Эндээс цувааны эхний 2 цаа буга тус бүрдээ 1 секундэд 14,3 квинтиллион жоуль ( 1 квинтиллион нь 10-н 18 зэрэгт тоо) энергийг шингээх ба энэ энерги нь 2 цааг хоромхон зуур галдаад зогсохгүй, ар арын бүх цаануудыг шатааж, энэ их гал дөл, дэлбэрэлтээс чих дүлийрэм чимээ нүргээн үүснэ. Энэ бүхний үр дүнд цааны цуваа ердөө л 1 секундийг 42600 хуваасантай тэнцэх хугацаанд үнсэн товрог болж, алга болох юм. Үүний зэрэгцээ 250 фунт (112,5 кг) жинтэй Санта маань газрын татах хүчнээс 17500,06 дахин их хүчний эрхшээлд орж, чарганыхаа ард 4315015 фунт (1941756,75 кг) хүчээр хадагдах ажээ.


Төгсгөлийн дүгнэлт гэвэл хэрэв Санта маань Зул сарын баяраар бэлэг тараах гэж оролдсон л бол мань эр (Санта) өдийд аль хэдийн талийгаач болсон байх нь. Гэхдээ саяын Зул сарын баяраар Сантагаас бэлэг авсан гэдэгтээ үнэхээр итгэлтэй байгаа хэн бүхэн энэ бичсэнийг няцаах гэж оролдох байх л даа.

Thursday, September 6, 2007

Мэдээлэл, холбооны чиглэлээр гадаадад суралцахыг хүсэгчдэд

Өндөр хөгжилтэй оронд суралцаж, мэдлэг чадвараа хөгжүүлэхийг хүсэгч залуучуудад хэрэг болох байх хэмээн бичсэн (2004.12.10) нэгэн тэмдэглэлээ энэ удаад блог дээрээ байрлууллаа. Зарим нэг процедурийн чанартай мэдээлэл хуучирсан байж болзошгүй гэдгийг анхаараарай.

Гадаадад суралцахад юуны түрүүнд хэлний хангалттай мэдлэг, санхүүгийн баталгаа зэрэг нийтлэг хүчин зүйлээс гадна хувийн зохион байгуулалт, тэвчээр, байнгын тогтвортой ажиллах чадвар маш чухал байдаг.

Германы их, дээд сургуулиудад англи хэлээр суралцах боломж нь электроник, цахилгаан, холбооны инженерийн (electrical engineering) чиглэлүүдээс аваад математик, хими, биолог гэх мэтээр нэлээд олон чиглэл, салбарыг хамардаг. Үүний нэг жишээ нь Дармштадтын Технологийн Их Сургууль (ДТИС) дээрх Мэдээлэл, Харилцаа Холбооны Инженерийн Мастерийн зэрэг олгох сургалт юм. (Information and Communication Engineering - International Master Program)

Эхлээд энэ сургалтын хөтөлбөрийн талаарх „албан ёсны“ танилцуулгыг өгье. Уг хөтөлбөр нь Германд дээрх чиглэлээр суралцах сонирхолтой гадаад оюутнуудад чиглэгдсэн. Нийт 4 семестер үргэлжлэх бөгөөд эхний 3 семестерт лекц, семинар, лабораторийн хичээлүүдийг үзэж, сүүлийн семестертээ магистрын тезис бичиж, хамгаалахаар төлөвлөгдсөн. Магистрын тезис бичихээс өмнө 9 долоо хоногийн хугацаатай үйлдвэрлэлийн дадлага (internship) заавал хийнэ.
Хичээлүүд нь:
  • Микроэлектроник (Microelectronics)
  • Интеграл схемийн үйлдвэрлэлийн технолог (Fabrication Technology)
  • Системийн дизайн (Systems Desing)
  • Харилцаа холбооны технолог (Communication Technology)
  • Харилцаа холбооны систем (Communication Systems)
  • Програм хангамж, медиа технолог (Computer Science and Media Technology)
  • Мэдээллийн технолог (Information Technology)
гэсэн хоорондоо харилцан холбоотой 7 төрлийн багцад хуваагдсан байх ба үүнээс 4 багцыг сонгож үзэх шаардлагатай.
Элсэлтийн хувьд мэргэжлийн болон хэлний гэсэн 2 шалгууртай. Мэргэжлийн шалгуур нь тухайн элсэгч:
  • Математик, статистик
  • Физик
  • Харилцаа холбооны технологийн онол
  • Харилцаа холбооны систем
  • Сигнал, системийн онол
  • Компьютерийн архитектур, зохион байгуулалт
  • Электроник, хагас дамжуулагч хэрэгсэл
  • Программчлал, программын хэлнүүд
гэсэн чиглэлүүдээр сайн суралцсан, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл манайхаар бол электроник, компьютер, холбооны инженерийн чиглэлээр суралцаж төгссөн эсвэл төгсөх ангийн оюутнуудад илүү дөхөм гэсэн үг. Хэлний шалгуур нь тухайн элсэгч TOEFL 570 (paper based), TOEFL 230 (computer based), IELTS 6.5, Cambridge CPE level C гэсэн болзлыг хангахыг шаарддаг.
Элсэлт 2 үе шаттай явагдана. Эхний шатанд Сургалтыг Зохицуулах Алба (iCE Master Program Coordination Office), Шалгаруулалтын Комисс (iCE Selection Committee) хамтран тухайн элсэхийг хүсэгч элсэлтийн болзлыг хангаж байгаа эсэхийг шалгана. Энэ шалгалтыг давсан элсэгч 2 дахь шатанд Гадаад Оюутны Албанд (Foreign Students’ Office буюу Akademisches Auslandsamt, AAA) бүртгүүлж албан ёсоор оюутан болно. Элсэлтийн процедурыг нарийвчлан дурьдвал:
  • Элсэхийг хүсэгч онлайнаар (энэ хөтөлбөрийн Интернет хаягаар орж, www.microelectronic.e-technik.tu-darmstadt.de/ice_master/ ) бүртгэлийн маягт бөглөнө. Бүртгэл амжилттай болсон тохиолдолд онлайн системд нэвтрэх хэрэглэгчийн нэр, нэвтрэх үг авна.
  • Үүний дараа диплом, дүнгийн хуулбарын электрон хуулбарыг (сканердсан хуулбар) имэйлээр илгээнэ. Сургуулиа арай төгсөж амжаагүй байгаа ч 6 сарын 15 гэхэд дипломаа аваад, хуулбарыг нь явуулж болохуйц бол энэ тухайгаа мэдэгдэх хэрэгтэй.
  • Үүний дараа онлайн тест бөглөх эрхтэй болно. Энэ тест нь манайхаар бол конкурс буюу уралдаант шалгаруулалт гэсэн үг.
  • Хэрэв онлайн тестийг амжилттай давбал бүртгэлийн шатанд шилжинэ гэсэн үг. Үүнд элсэлтийн өргөдлөө Гадаад Оюутны Албанд (AAA, www.tu-darmstadt.de/aaa ) онлайнаар бөглөхийн хамт нэмж нэг хувийг өөрөө хэвлэж авна. Уг хэвлэсэн хувиа диплом, дүнгийн хуулбар болон бусад шаардлагатай бичиг баримтын баталгаажсан хуулбарын хамт ААА-д шуудангаар илгээнэ.
  • Эдгээр бичиг баримт дараа нь ААА-с Шалгаруулалтын комисст очих ба уг комисс онлайн тестийн үр дүн, суралцсан байдал (диплом, дүнгийн жагсаалтыг үзнэ), товч намтарт (curriculum vitae) шинжилгээ хийсний эцэст уг хөтөлбөрт суралцах эрх олгох эсэхээ шийднэ. Хэрэв эерэг хариу авбал энэ тухай ААА-с элссэн болохыг баталсан албан бичгийг (Zulassung гэж германиар нэрлэдэг) шуудангаар авна. Элсэлтийн онлайн бүртгэл жил бүрийн 1 сарын 15-наас эхлэх ба 7 сарын 31 гэхэд “бүх юм” дууссан байна.
Элсэлтийн явцыг доорх зурагт үзүүллээ.

Одоо уг сургалтын талаарх “бодит байдлыг” өөрийн үзсэнээрээ тайлбарлая. Энэ сургалтын хөтөлбөрийн давуу тал нь Германд (1), англи хэлээр (2) суралцах гэсэн 2 боломж гэж үзэж байна. (1) Германы их, дээд сургуулиуд боловсрол, судалгаа шинжилгээний чанар, чадавхаараа дэлхийд дээгүүрт тооцогддог. Энэ “чанарыг” үнэгүй өгдөг нь олон орны оюутны анхаарлыг татаж, чанартай боловсролыг үнэгүй шахам эзэмших “хорхойг” хөдөлгөдөг нь эргэлзээгүй. Ихэнх сургуулиуд нь саяхнаас төлбөртэй болж эхэлж байгаа. Гэхдээ энэ төлбөрийн хэмжээ дунджаар жилийн 1500 Евро тул бусад өндөр хөгжилтэй орнуудын төвшинтэй харьцуулахад харьцангуй хямдханд тооцогдоно. (2) Англи хэлний суурь сайтай хүнд сургуульд элсэх “оролдлого хийх”-ийн тулд нэмж герман хэл сурах шаардлагагүй. Хэдийгээр Германд суралцаж байгаа ч энэ мастерийн зэргийн сургалт бүх хичээлээ англи дээр үзээд төгсөх боломжийг олгодог. Хэрэв өөрөө хүсвэл герман хэлээр хичээл сонгон үзэх боломж нь нээлттэй. Мэдээж ажил төрөл, амьдралын шаардлагаар герман хэл сурах шаардлага гарах ба орчинд нь байгаа тул илүү дөхөм ч байж болно. Ер нь Монголдоо герман хэлний анхан шатны мэдэгдэхүүн аваад ирэхэд хангалттай. Цаашид гүнзгийрүүлэх эсэх нь өөрийн чинь шийдвэр.
Элсэлтийн журам, явц нь мэдээж Монголынхоос ондоо, тэр болгонд чинь хэлээд өгөх хүнгүй хэцүү байж магад. Гэхдээ энэ гол асуудал биш. Гол “асуудал” суралцахаас эхэлнэ. Сургалт нь чөлөөтэй, зүйрлүүлбэл МУШУТИС-д хэрэгжиж байгаа кредит системийн сургалт учир ямар ч анги, хичээлийн хөтөлбөр байхгүй, семестерийн эхэн бүрд болдог танилцуулах арга хэмжээнээс үндсэн мэдээллээ олж авна. Мэдээж Германд найз нөхөд, хамаатай садантай хүнд ийм хүндрэл гарахгүй ч байж болно.
Энэ мастерийн зэргийн сургалтын хувьд эхний семестерт заавал үзэх ёстой суурь хичээлүүдийг үзэх ба эдгээр нь онолын гүнзгий мэдлэг шаардахын дээр хэрэв семестерийн шалгалтан дээр аль нэг хичээлийн шалгалтанд нь унавал дараагийн семестерт зөвхөн унасан хичээлийн шалгалтаа өгөх хатуу дүрэмтэй. Энэ нь богино хугацаанд хурдан төгсөх гэсэн оюутнуудад үнэхээр саад болдог.
2 дахь семестрээс эхлэн өөрсдөө хичээлээ сонгон үзэх ба дээрх 7 багцаас зөвхөн 4 багцынх нь хичээлийг сонгон үзнэ. Өөрийн сонирхол, чадварт тааруулан сонгодог болоод тэр үү энэ семестерээс эхлэн хичээл хамаагүй хөнгөн болсон мэт санагддаг. Энэ семестерт байх үедээ дадлага хийх газраа өргөдлөө явуулж байх хэрэгтэй. Учир нь өргөдлийн хариу 4-6 сарын дараа ирдэг тул 2 дахь семестрийн завсарлагаанаар дадлагаа хийхээ тохируулах хэрэгтэй. Семестер хоорондын завсарлагаанаар амарна гэсэн ойлголт байхгүй болохыг онцолмоор байна. Энэ үеэр шалгалтууд болдог бөгөөд оюутнууд сууж, давтах нь хичээлийн үеэс ч эрс нэмэгддэг. Жишээ нь энэ үеэр номын санд суух суудал ч олдохгүй хэмжээнд хүрдэг.
Ном сурах бичгийн хувьд англи дээр хичээллэж байгаа гээд олдоц муутай гэх юм огт байхгүй. Харин ч бүх чухал шаардлагатай сурах бичгүүд англи дээр байх нь элбэг байдаг. Герман профессор, оюутнуудын хувьд ч тэдэнтэй англиар ойлголцоход ямар ч хүндрэл байхгүй.
Зөвхөн ДТИС гэлтгүй өөр бусад их сургуулиуд англи хэлээр төрөл бүрийн чиглэлээр мастерийн зэрэг олгох сургалтыг санал болгодог. Жишээ нь:
  1. Computational Science and Engineering at the Technical University of Munchen - http://www.cse.tum.de/
  2. Communications and Electronics at the Gerhard Mercator University – http://www.uni-duisburg.de/
  3. Chemical Engineering at the Aachen University of Technology - www.vt.rwth-aachen.de/Master/welc.html
  4. Mathematics at the University of Karlsruhe – http://www.mathematik.uni-karlsruhe.de/
  5. гооглээр хайх ...
Эцэст өөрийн сурч, амьдарч байгаа хот Дармштадтын (http://www.darmstadt.de/ ) талаар товч танилцуулья. Газар зүйн байрлалын хувьд Дармштадт нь Германы төв хэсэгт байрлах ба Хэссэн (Hessen) муж улсад харьяалагддаг. Ойр орших томоохон хот гэвэл Франкфурт (Frankfurt am Main, 40 км орчим зайтай). Дармштадтыг албан ёсоор “шинжлэх ухааны хот” (Wissenschaftstadt Darmstadt) гэж нэрлэсэн нь уг хотод Германд төдийгүй дэлхийд нэр бүхий эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрүүд байдагтай холбоотой. Тухайлбал:
  • European Space Operation Center, ESOC: Европын Сансрын Агентлагийн Газрын Удирдлагын Төв (www.esa.int/SPECIALS/ESOC/ )
  • European Organization for the Exploitation of Meteorological Satellites, EUMETSAT: Цаг Агаар, Орчны Шинжилгээний Хиймэл Дагуулын Европын Байгууллага (http://www.eumetsat.int/ )
  • Fraunhofer Gesellschaft: Фраунхоферийн Судалгааны Лабораторийн зарим институтууд (http://www.fraunhofer.de/)
  • Gesellschaft für Schwerionforschung: Хүнд Ионы Судалгааны Лаборатори (http://www.gsi.de/ )
  • Merck KGaA: Европын хамгийн эртний мөн томд тооцогдох эм, химийн бэлдмэлийн үйлдвэр (http://www.merck.de/ )
Сонирхуулахад химийн үелэх системд хүртэл энэ хотын нэр орсон байдаг. Тодруулбал үелэх системийн 4 элементийн нэр нь Европ, Герман, Хэссэн, Дармштадт гэж байдаг. Эдгээр нь: 63 дахь элемент Eu буюу Europium, 32 дахь элемент Ge буюу Germanium, 108 дахь элемент Hs буюу Hassium, 110 дахь элемент Ds буюу Darmstadtium юм. Сүүлийн 2 элементийг (Hs-Hassium, Ds-Darmstadtium) дээр нэрлэсэн Хүнд Ионий Судалгааний Лабораторид 1984, 1994 онд тус тус нээсэн байсан. (http://www.ktf-split.hr/periodni/en сайтаас үелэх системийг үзэж болно.) Энэ лабораторид үүнээс гадна хэд хэдэн элементийг мөн нээсэн ажээ.