Н. Багабанди гуайн титэм үгийг энд дахин хуулбарлан (зөвшөөрөлгүй) тавив. Дараа дахин дахин уншиж байхад ойр гэдэг үүднээс хуулав.
Нойрыг унтаж барахгүй, сэрж барна. Энэ үгийг хэн, хэзээ анх хэлснийг мэдэхгүй. Их л эрт хэлэгдсэн байх. Сургаал үг урт настай байх тусам хүч ихтэй, ач тус нь далай мэт уужим. Хүний амьдралд алтнаас илүү үнэ цэнэтэй алдарт энэ үгийг би их хожуу, оюутан болсон хойноо нэгэн ухаант хүнээс анх сонссон юм. Энэ хүн бол Дондогийн Цэвэгмид гуай байлаа. Тэр үед хилийн чанадад суралцдаг, зуны амралтаараа эх орондоо ирсэн оюутнуудыг цуглуулан ухаант мэргэдээр сургаал айлдуулдаг байсан юм. Тэр жил ухааны их сангаасаа ухаарлын хур буулгасан ухаантан нь НҮБ-ийн индрээс Монгол хэлээр анх үг хэлсэн Монгол төрийн том зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч энэ алдарт хүн байлаа.
Д.Цэвэгмид гуай ухаан далай номноос эхтэй, номтой шадарлан нөхөрлөж байж л ном эрдэмтэй хүн болно гэдгийг сэнхрүүлэн, ном эрдэмтэй болохын тулд нойроо хасах хэрэгтэйг ухааруулсан нь ой тойнд гүн бат шингэжээ. Үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрдэг буруу зуршилтай болчихоогүйд маань тэр ухаант хүний ончтой үгийн ид шид нөлөөлсөн нь гарцаагүй. Онож хэлсэн үгийн хүч зүйрлэшгүй. Үг өвтгөх ч хүчтэй, үг эдгээх ч чадалтай. Үгээр үүссэн шархыг эмээр эмчлэх аргагүй. “Үгэнд өвддөггүй хүнийг саваагаар гөвшөөд нэмэргүй” гэдэг. Номонд мэргэн болохын нэг уг сурвалж нь нойронд сэргэг байх явдал гэдгийг хүүхэд залуус та нар марталгүй бодож, тасралтгүй санаж яваарай. Гэдсээ цэрийтэл идэж, ухархайгаа ширгэтэл унтсанаас олох олдвор, хожих хожвор гэж үгүй, харин алдах алдаа, хохирох хохирол нь харамсаж халаглам их. Их идэш өвчин дагуулж, эрүүл мэндийг сүйтгэдэг бол их нойр залхууг дагуулж сурч мэдэх, хийж бүтээх хайран цагийг яйран болгон сүйтгэнэ. Идэхдээ ухасхийж, хийхдээ гэдэсхийх идэмхий унтамхай хүнээс их үйл хэргийг хүлээх нь үүлгүй тэнгэрээс хур хүлээхтэй адил.
Хоногийн хорин дөрвөн цагийг уртасган сунгах боломжгүй нь өглөөдөө наран мандаж, оройдоо жаргана гэдэгтэй ижил хөдлөшгүй үнэн юм. Цаг хугацааг уртасгаж сунгаж ч болохгүй, агшааж огшоож ч чадахгүй. Түргэн урсгалт голын ус өмнүүр чинь мяралзан урсаж одохын адил цаг хугацаа өөрийн жамаар жирэлзэн урсаж өнгөрнө. Холыг зорьж, томыг мөрөөдөн, их зүйл хийж бүтээх хүсэл тэмүүллээр жигүүрлэн яваа хүнд цаг хугацаа бүхнээс эрхэм, тэдний хувьд цаг алтнаас ч үнэтэй. Нэгэнт хоногийн хорин дөрвөн цагийг уртасган сунгаж болохгүй болохоор энэ цаг хугацааг дээд зэргээр үр ашигтай ашиглаж сурах нь амжилт олохын үндэс байдгийг залуу хүн бүр ухаарах ёстой. Сурч мэдэх, хийж бүтээх цагаа уртасгах өөрийн чинь гарын дор байгаа бэлэн боломж бол унтах нойрсох цагаа биендээ хохиролгүйгээр багасгах явдал билээ. Унтах нойроо хасч, бүтээн туурвих цагаа уртасгаж чадсан байгалийн шинжээч нэрт эрдэмтний амьдралд тохиолдсон санаа авууштай, хөгжилтэй түүхийг би хүүхэд залууст жишээ болгон ярьдаг юм. Сайхи эрдэмтэн цаг хэмээх эрээд олдохгүй ховор эрдэнэ тэртэй тэргүй хязгаартай гэдгийг хэнээс ч илүү мэддэг хэрнээ өглөө эртлэн босч чаддаггүй, хайран бүтээлч цагийг унтаж өнгөрөөдөг байжээ. Өглөө эртийн бүтээлч цагийг нойрсож өнгөрөөдөг муу зуршлаа таягдан хаяхаар зориглон хатуу шийдэж, эртлэн босож байхаар сэтгэл шулуудсан ч муу дадлаасаа салж чадахгүй, дуг нойрондоо дугжирсан хэвээр байв. Ингээд үйлчлэгчээсээ тусламж хүсч, өглөө эрт сэрээж байхыг гуйлаа. Тэр ч бүү хэл өглөө бүр зургаан цагаас өмнө сэрээж өгвөл сэрээсэн тоолонгоор нь үйлчлэгчдээ мөнгө өгч байхаар тохиролцов. Эхний хоногуудад нойр ханаагүй байна, жаахан унтуулаач хэмээн гонгинож, тэр ч бүү хэл хүн тайван амгалан унтуулсангүй гэж уцаарлана. Тэгсэн мөртлөө арайхийж сэрэхээрээ амласан цагтаа яагаад сэрээсэнгүй вэ гэж үглэнэ. Энэ мэт байдалд үйлчлэгч нь ундууцан өөрийн аргыг хэрэглэхээр шийдэв. Бас тохирсон ёсоор сэрээсний төлөө мөнгө авах сонирхол түүнд байлгүй яах вэ. Тэгээд өглөө зургаан цаг болмогц эзнийгээ орноос нь татаад унагачихдаг болов. Зарим өглөө ор руу нь хүйтэн ус цацаж, буцаж хэвтэхийн аргагүй болгоно. Үр дүн удалгүй гарлаа. Хоёр талаасаа хичээл зүтгэл гаргасны үр дүнд тэр эрдэмтэн их унтдаг муу зуршлаа хаяж, өглөө эртлэн босч, судалгаа шинжилгээний ажилдаа шамдах цаг хугацаа нь ахиу тавиу болжээ. Хожим нь эрдэмтэн, “байгалийн шинжлэх ухаанаар миний бичсэн бүтээлийн дотроос гурав, дөрвөн боть нь үйлчлэгчийн минь хүч юм” гэж дурсан бичсэн байна.
Унтаж нойрсох цаг хугацаагаа багасгаж чадвал ихийг бүтээх боломжийг өөртөө шинээр нээх болно. Алдар суут эрдэмтэд унтах нойроо хугаслан хүн төрөлхтний төлөө билиг оюунаа зориулдагийн нэгэн адил уран бүтээлчид ч унтах амрах цагаасаа хугаслан урлан бүтээх үйлстээ зориулж, мөнхийн бүтээлээ туурвидаг байна. Нэгэн алдарт зураачид залуу зураач судалбар зургуудаа авчирч үзүүлжээ. Тэрээр зургуудийг ихэд таашаан магтаж, олзуурхан баясав. Гэтэл залуу зураач цаашид уран зураг бүтээж, ахиж дэвших бололцоогүй болсноо хэлэв. Эхнэр хүүхдээ тэжээхийн тулд өглөө арван цагаас оройн зургаан цаг хүртэл өөр ажил хийх зайлшгүй шаардлагатайгаа учирлав. Та өглөө дөрвөөс арван цагийн хооронд бүтэн зургаан цаг юу хийдэг вэ гэж асуухад залуу зураач “унтдаг” гэж хариулав. “Тэгвэл та зураг зурах биш, насаараа унтах төөрөгтэй хүн байна даа. Сайн зураач болъё гэж хүсэж мөрөөдөж яваа бол өглөө дөрвөөс есөн цагийн хооронд зүтгэж оролдоод үз дээ. Хүний хамгийн бүтээлч үе бол өглөөний дөрвөөс есөн цагийн хооронд байдаг, би энэ хугацаанд зургаа зурж зураач болсон юм даа” гэж зөвлөжээ. Залуу зураач авьяас төгөлдөр багшийнхаа алтан сургаалыг ёсчлон дагаж, унтах цагаасаа хасч, урлан бүтээх цагаа нэмэгдүүлэн нэр алдартай зураач болж чадсан гайхалтай түүх бий. Залуус та нар ч гэсэн өглөө эртийн бүтээлч үеийг аль болохоор ашиглаж сурахыг хичээцгээ. Бизнесийн салбарт амжилт олсон хүмүүс ч унтах нойроо хасан, цөхрөлтгүй хөдөлмөрлөж байж өөрийн бахархам намтрыг бүтээсэн байдаг. Тэрбумтан Аристотель Онассис “мөнгөтэй болохын тулд нойроо хас. Өдөрт гурван цаг дутуу унтахад жилд бараг нэг сарыг хэмнэнэ” гэж хэлсэн байна.
Унтах цагаасаа хасч чадахгүй бол бага цагт ихийг амжуулах арга дадал эзэмш. Өөрөөр хэлбэл бүтээмжээ аль болохоор нэмэгдүүл. Энд мэдээж хэрэг боловсрол мэдлэг, ажлын туршлага, уйгагүй хичээл зүтгэл шаардлагатай. Цаг хугацааг дээд зэргээр үр ашигтай өнгөрөөх арга барилд цуцалтгүй суралц. Цаг хугацааны үнэ цэнийг жинхэнэ ёсоор мэдэрч, дээд зэргээр үр ашигтай өнгөрөөж сурвал бүтээлч үйлс чамайг нарны алтан цацраг мэт ямагт гийгүүлж байх болно. Омголон залуу насны буцалж дэвэрсэн ааг омог, багтаж ядсан эрч хүчийг зугаа цэнгэл, тоглоом наадам, хий дэмий шалдар булдар зүйлд зарах биш бүтээлч үйлсийн төлөө зориулахыг эрмэлз. Хайран залуу насныхаа эрч хүчийг гэнэн мунхаг зангаасаа болоод даанч үр ашиггүй өнгөрөөж дээ гэж хожмын өдөр ухаан суухдаа харамсан халаглахгүйгээр үр ашигтай ашиглахыг хичээ. Хальж асгарсан сүүг хамаж авч болдоггүй шиг үр ашиггүй өнгөрсөн амьдралыг эргүүлж буцаан эхлүүлэх боломжгүй. “Амьдарч өнгөрүүлсэн өдөр бүхэн шинэ юм шиг байхаар амьдрах хэрэгтэй”.
Хүүхэд залуус та нар эрт босч сурвал амьдралдаа ухаалаг бөгөөд гайхамшигт алхам хийж байна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй. Эртэч шувуухай хоол олж иднэ гэсэн үг бий. Эрт босвол нэгийг үзэж, орой унтвал нэгийг сонсох; эрт босвол өдрийн ажилд тус, эрдэм сурвал насны үйлсэд тус гэж манай ухаант дээдэс сургаж ирсэн нь зүгээр ч нэг үг яасан ч биш.
Идэр есийн хүйтэн тачигнасан өглөө эртлэн босч адуундаа мордож, цан хүүрэг татуулан давхиж яваа хийморлиг монгол залуу, өглөө эрт босч эрдэм номд шамдан, бүтээлч үйлсийн төлөө хичээн зүтгэж байгаа хүүхэд залуус ирээдүйн амжилтын эзэд байх нь эргэлзээгүй. Хичээл зүтгэлийг амжилт үргэлж дагадаг юм. Унтахаа багасга, өглөө эрт бос гэдэг нь зайлшгүй авах нойроо хас, битгий унт гэсэн үг ердөө биш. Бөх бат сайхан нойрсох шиг жаргал үгүй. “Хүний найдвар ба нойрыг нь авчих юм бол тэрээр ертөнц дээрх хамгийн золгүй амьтан болно”. Сайн сайханд, аз жаргал, амжилт бүтээлд хүрэх найдварын галаа үргэлж бадрааж амьдар!
Нацагийн Багабанди
Эх сурвалж: Даяар Монгол сайт
Friday, March 5, 2010
Subscribe to:
Posts (Atom)