Thursday, January 31, 2013

Европын Холбооны Цэнхэр Картыг авах боломж



ХБНГУ-н Бундестагаас (холбооны парламент) Европын Холбооны Цэнхэр Карт (ЕХ-ЦК) авах журамыг өөрчлөх хуулийг боловсруулан, 2012 оны 8 сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Үүнтэй уялдан гадаад иргэдийн оршин суух хуулийн зарим заалтад өөрчлөлт, нэмэлт орсон байна. Эдгээр өөрчлөлт нь энэхүү ЦК-г авах нөхцөлийг илүү хөнгөвчилж өгснөөрөө чухал ач холбогдолтой юм.
ЕХ-ЦК гэдэг нь ажлын зөвшөөрөлтэй оршин суух эрх бөгөөд гол нь ЕХ-ны бус орны өндөр чадвартай мэргэжилтэнд ЕХ-ны улсуудад ажиллах зорилгоор оршин суух эрхийг баталгаажуулж өгөхөд чиглэгдсэн. Энэ өөрчлөлтийг оруулах болсон гол шалтгаан нь мэргэжлийн ажиллах хүчний хомсдолыг багасгах, бууруулах юм.

ЦК-г авах нөхцөл

Дараахь шалгуурыг хангасан, ЕХ-ны харьяат бус гадаадын иргэн ЦК-г авах эрх нээгдэнэ:
a)      ХБНГУ эсвэл гадаадад дээд боловсрол эзэмшсэн, эсвэл дээд боловсрол эзэмшээгүй ч дээд боловсрол шаардлагатай ажил, мэргэжлийн дор хаяж 5 жилийн туршлагатай байх
b)      ХБНГУ-д жилийн 44800 Евроны цалинтай, эсвэл эрэлттэй байгаа мэргэжлээр (эрдэмтэн судлаач, математикч, инженер, эмч, мэдээллийн технологийн мэргэжилтэн) жилийн 34944 Евроны цалинтай тус тус ажлын байртай байна

ЦК авах процедур

Хэрхэн ЦК авах албан явцыг дараахь жишээн дээр тайлбарлая.
Үүнд: Гал, Дөл хэмээх хоёр мэргэжилтэн Монголд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг (ШУТИС) төгссөн ба Гал нь ХБНГУ-д мэргэжлийн дагуу ажилладаг бол Дөл нь Монголдоо инженерийн орон тоон дээр мэргэжлээрээ ажиллаж байгаад улмаар ажлын хүрээгээрээ дамжуулан ХБНГУ-д жилийн 35000 Евроны цалинтай ажлын байр олсон гэж үзье.

Галын хувьд ЦК хүссэн өргөдлөө өөрийн оршин суугаа газарын гадаадын иргэдийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад (Ausländerbehörde) шууд гаргана. Хэрэв шаардлагатай гэж үзвэл өргөдлийг гадаадын ажиллах хүч хариуцсан захиргааны байгууллагаар (Zentrale Auslands- und Fachvermittlung) шалгуулна. Ингээд тавигдсан нөхцөл үнэхээр хангагдсан байвал ЦК-г олгоно.

Харин Дөлийн хувьд ХБНГУ-д нэвтрэх визийн хүсэлтээ ажлын гэрээ бусад бичиг баримтын хамт ХБНГУ-с Монгол улсад суух элчин сайдын яаманд зохих журмын дагуу гаргана. Хэрэв шаардлагатай гэж үзвэл энэ өргөдлийг гадаадын ажиллах хүч хариуцсан захиргааны байгууллага (Zentrale Auslands- und Fachvermittlung) шалгаж, үнэхээр журамд заасан ажиллах нөхцөл хангагдсан эсэхийг тогтооно. Үүний эцэст ажиллах зөвшөөрөлтэй нэврэх виз олгогдоно. Дараагийн шатанд Дөл ХБНГУ-д зорчин ирээд, нэвтрэх визийн хүчинтэй хугацаа дуусахаас өмнө гадаад иргэдийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад (Ausländerbehörde) ЦК хүссэн өргөдлөө зохих журмын дагуу гаргана. Энэ өргөдөлд үндэслэн 3 хүртлэх жилийн хүчинтэй ЦК-г шууд олгоно.



ЦК олгох журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор зарим хууль тогтоомжид орсон өөрчлөлт, нэмэлтүүд

Их, дээд сургуулийн оюутнууд, төгсөгчдөд хамааралтай өөрчлөлтүүд:

-         суралцахын хажуугаар ажиллах хугацааг уртасгасан (хуучин жилд 90 хүртлэх хоног байсныг 120 болгосон, §16 Abs.3 AufenthG)
-         их, дээд сургууль төгсөгчид (гадаадын болон дотоодын их, дээд сургуулийн төгсөлт) ажлын байр хайх зорилгоор ХБНГУ-д 6 хүртлэх сарын хугацаатай зорчих (§18c AufenthG),
o       энэ хугацааны туршид оршин суух эрх нь ямар нэгэн ажлын байрнаас хамааралгүй байхаар олгогдоно
-         ХБНГУ-н их, дээд сургуулийг төгсөгчид зохих ажлын байр хайх зорилгоор 18 хүртлэх сарын хугацаатай үргэлжлүүлэн байж болно (§16 Abs.4 AufenthG)
o       ажил хайх явцдаа туслах ажил (Nebenbeschäftigung) хийж болно

Мэргэжлийн сургууль (betriebliche Ausbildung) төгсөгчдөд хамааралтай өөрчлөлтүүд:
-         ХБНГУ-д мэргэжлийн сургалтанд хамрагдаж төгссөн гадаадын ажилчин, мэргэжилтэн цаашид ХБНГУ-д ажиллах хүчин болон үлдэж болно (§27 Abs. 1 Nr.4 BeschV)
-         ХБНГУ-д мэргэжлийн сургалтанд хамрагдаж төгссөн гадаадын ажилчин, мэргэжилтэн цаашид зохих ажлын байр хайх зорилгоор 1 хүртлэх жилийн хугацаатай үргэлжлүүлэн байж болно (§17 Abs. 3 AufenthG)
o       ажил хайх явцдаа туслах ажил (Nebenbeschäftigung) хийж болно

Гэр бүлийн хүмүүст хамааралтай өөрчлөлтүүд:
-         гадаадын ажилчин, мэргэжилтний гэр бүл хөдөлмөрийн зах зээлд чөлөөтэй оролцоно (§29 Abs.5 Nr.2 AufenthG, §3 BeschVerfV)
-         гэр бүлийн байдлаар олгогдох, ажлын зөвшөөрөлтэй оршин суух эрхийг авна
o       Холбооны Хөдөлмөрийн агентлагийн (Bundesagentur für Arbeit) ямар ч оролцоо байхгүй, мөн ямар ч давуу эрхийн шалгалт (Vorrangprüfung) хийгдэхгүй

Гадаадын ажиллах хүчин богино хугацаанд байнгын оршин суух зөвшөөрөл авах боломжууд

-         ЕХ ЦК эзэмшигч 33 сарын дараа (хэрэв В1 түвшний хэлний мэдлэгтэй бол 21 сарын дараа) байнгын оршин суух зөвшөөрөл авч болно (§19a Abs.6 AufenthG)
-         ХБНГУ-н их, дээд сургуулийг төгсөгч мэргэжлийн дагуу зохих ажил, хөдөлмөрийг сургууль төгссөнөөс хойш 2 жилийн хугацаанд тасралтгүй хийж байсан бол байнгын оршин суух зөвшөөрөл авч болно (§18b AufenthG)
-         гуравдагч улсын харьяат ЕХ-ны аль нэг оронд ЦК авсан бол карт эзэмшиж байгаа хугацааг нь Европын нийгэмлэгт байнгын орших суух зөвшөөрөл авахад нь нэмж тооцно (§9b Abs. 2 AufenthG)
-         онцгой тохиолдолд өндөр чадвартай мэргэжилтэнд (ялангуяа гоц эрдэмтэн судлаач) байнгын оршин суух зөвшөөрлийг шууд олгоно (§19 AufenthG)

Цаашид тодруулах бол энэ хуудас руу орно уу.

Monday, January 21, 2013

Германы жолооны үнэмлэх авах талаар

Германд оршин суугаа гадаадын иргэн (Европын Холбооны болон Исланд, Лихтэнштэйн, Норвеги улсуудаас бусад орны иргэд) жолоодох эрхийн үнэмлэх буюу жолооны үнэмлэх хэрхэн авдаг талаар өөрийн туршлагаасаа энэ удаад хуваалцаж байна.

Товчхондоо ХБНГУ-д оршин суухаар бүртгүүлснээс хойшхи 6 сарын дотор гадаадын иргэд өөрсдийн улсын жолооны үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хэвээр байдаг.
Харин үүнээс хойш гадны жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрөхгүй, зөвхөн ХБНГУ-с олгосон жолооны үнэмлэхтэй байхыг шаардана. Үүний тулд гадаадын иргэд өөрсдийн жолооны үнэмлэхээ Германы жолооны үнэмлэхээр солиулж авах бөгөөд энэ процедур нь аль улсаас ирснээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Монгол иргэдийн хувьд жолооны үнэмлэхээ солиулахын тулд ХБНГУ-д жолоодох онолын болон дадлагын шалгалтыг амжилттай өгсөн байхыг заавал шаардана. Өөрөөр хэлбэл Германд жолооны курст суралцаж, дээрх 2 шалгалтыг заавал өгнө гэсэн үг.

Үнэмлэх солиулах хүсэлт гаргах

Жолооны үнэмлэх солиулах хүсэлтээ уг асуудлыг хариуцсан захиргааны байгууллагад (Führerscheinstelle) гаргаж, аль нэг жолооны курст (Fahrschule) мөн давхар бүртгүүлнэ. Учир нь дээр дурьдсанчлан замын хөдөлгөөний дүрэм болон жолооны шалгалтыг (манайхаар бол онолын болон хотын жолооны шалгалтууд) амжилттай өгч байж үнэмлэхээ солиулж авна. Эдгээр шалгалтыг жолооны курсээр дамжуулан авдаг учир аль нэгэн жолооны курст бүртгүүлнэ.
 Өргөдлийг гаргахдаа дараахь материалуудыг мөн хамт бүрдүүлж өгнө.
Үүнд (2009 оны 10 сарын байдлаар):
1. Биеийн байцаалт (гадаад паспорт)
2. Одоо эзэмшиж байгаа гадны жолооны үнэмлэх
3. Жолооны үнэмлэхний баталгаат орчуулга
4. Анх Германд хэзээ орж ирсэн тухай баталгаа (анх ирээд гадаадын иргэдийг бүртгэх газарт (Ausländerbehörde) бүртгүүлсэн маягтын хуулбар)
5. Аль нэг жолооны курстэй байгуулсан сургалтын гэрээ (жолооны курс дээр очоод бүртгүүлэхээр гэрээ байгуулна, тэр гэрээгээ авчирч үзүүлнэ)
6. Анхны тусламж үзүүлэх курст сууж, дадлага хийсэн тухай гэрчилгээ
7. Хараа шалгуулсан магадлал
8. Цээж зураг
9. Өргөдлийн хураамж (42,60 Евро)
Эдгээр материалыг хүлээж авснаас хойш дунджаар 5-6 долоо хоногийн дараа жолооны үнэмлэх бэлэн болно. Жолооны үнэмлэх бэлэн болсноор шалгалт өгөх боломж бүрдэнэ.

Үнэмлэхийн орчуулгын хувьд, жишээ нь, герман хэл дээрх албан орчуулгын хөлс нь 25 Евро, орчуулгыг буцааж илгээх шуудангийн хөлс 5 Евро, нийлээд 30 Евро болох жишээтэй. Орчуулгыг орчуулгын энэ товчоогоор хийлгэсэн болно.

Анхны тусламжийн курс (Erste Hilfe Kurs)

Жолооны курсээс хаана очиж анхны тусламжийн курст сууж болохыг хэлнэ. Энэ курст сууж, осол аваарын үед хэрхэн анхны тусламж үзүүлэх, осолдсон хүмүүсийн амь насыг аврахад шаардлагатай үндсэн аргачлалтай танилцаж, дадлага хийнэ. Үүнд:
1. анхны тусламж (ослын газар, нөхцөл байдлыг харж үнэлэх, ослын дуудлага өгөх, ослын газрыг хамгаалах, осолдсон хүний амь насыг аврах)
2. амь насыг аврах аргачлал
2.1. осолдсон хүнийг машинаас гаргах
2.2. осолдсон хүнийг аюулгүй байдлаар хэвтүүлэх
2.3. хүний зүрх-уушигны ажиллагааг дахин сэргээх
2.4. цус алдалтын үед цус тогтоох боолт хийх зэргийг зааж, дадлага хийлгүүлнэ.

Дээрх онолын болон дадлагын ажлын эцэст анхны тусламж үзүүлэх ажиллагаатай танилцсан гэсэн гэрчилгээ олгоно. Мөн уг курс дээр зарим тохиолдолд хараа шалгуулж, биометрийн цээж зургаа авахуулах боломжтой бөгөөд эдгээр нийлээд арай хямд үнэлгээтэй байх бас боломжтой.
Жишээ нь:
- анхны тусламжийн курс: 15,99 Евро
- хараа шалгуулах: 6,43 Евро
- цээж зураг: 4,99 Евро
нийт 27,41 Евро болох ч хөнгөлттэйгээр 11,99 Евро төлөх жишээтэй.

Жолооны курс, шалгалт

Тээврийн хэрэгсэл жолоодон зам, тээврийн хөдөлгөөнд оролцох дүрмийг үзэж судлан, жолоодох дадлагыг эзэмшүүлнэ. Жолооны үнэмлэхээ солиулах шалтгаанаар уг курст бүртгүүлсэн бол онол/дүрмийн хичээлд биечлэн суух шаардлагагүй, хичээлийн материалын дагуу бие даан бэлдэх боломжтой, мөн заавал хийх ёстой тусгай жолооны дадлагыг хийхийг заавал шаарддаггүй. Энэ тусгай дадлага нь 5 цагийн хотын жолоо, 4 цагийн хурдны замын жолоо, 3 цагийн шөнийн жолоо багтана.


Курсын төлбөр нь суурь хураамж, сургалтын материал, шалгалтын хураамж, жолооны дадлагын хураамжуудаас бүрдэнэ. Суурь хураамжийг курст бүртгүүлэхдээ төлнө, бусдыг нь тухай бүрд нь төлөх боломжтой байдаг. Төлбөрийн хэмжээ ямар ангиллын үнэмлэх авахаас хамаарч ондоо байна. Мөн түүнчлэн курсууд төрөл бүрийн автомашин (автомат, механик) дээр дадлага хийлгэх, зарим нь англи хэлээр явуулах санал гаргах нь ч бий.

Жолооны курсын жишиг төлбөрийг сонирхуулбал (2009 оны байдлаар):
- Суурь хураамж: 230 Евро
- Сургалтын материал: 85 Евро
- Онолын шалгалтын бэлтгэл: 50 Евро
- Жолооны шалгалтын бэлтгэл: 140 Евро
- Жолооны дадлага (1 цаг): 33 Евро
- Жолооны дадлага, хурдны зам дээр (1 цаг): 42 Евро
- Жолооны дадлага, хот орчим (1 цаг): 42 Евро
- Жолооны дадлага, шөнийн жолоо (1 цаг): 42 Евро
1 цаг нь академик цагтай ижил 45 минут юм.

Онолын хичээл нь "B" ангиллын үнэмлэх авах тохиолдолд нийт 12 - 14 удаагийн лекцээр замын хөдөлгөөний дүрмийг тайлбарлаж өгнө. Дасгал ажлын хувьд цаасан дээр шаблонтой ажиллахгүй, харин онлайн, эсвэл апп хэлбэрээр явагдана. Нийтдээ 1000 нэлээд гаран асуулт байх ба шуурхай, энгийн гэх мэт янз бүрийн горимоор асуултанд хариулж бэлдэх боломжтой. Өөрийн явц, онолын шалгалт өгөхөд хангалттай хэмжээнд хүрсэн зэргийг эндээс хянах боломжтой. Асуултууд 1-5 хүртлэх онооны үнэлгээтэй байна. Онолын шалгалтанд зөвхөн санамсаргүй сонгогдсон 20 асуултанд хариулах ба хэрэв 10-с дээш оноо алдвал шалгалтанд тэнцээгүйд тооцно. Нийтдээ 3 удаа онолын шалгалт өгөх эрхтэй, үүнээс дээш тохиолдолд эхлээд сэтгэцээ шалгуулж байж дахин шалгалт өгөх эсэх шийдэгдэнэ. Онолын болон жолооны шалгалтыг сар бүр авдаг тул өөрөө бэлэн болсон гэж үзвэл шалгалт өгөх өдрөө багштайгаа ярилцаад шалгалтын товоо тогтооно. Онолын шалгалтыг электрон хэлбэрээр авах ба дүнг тэр дор гаргаж өгнө. Онолын шалгалт дээр тэнцсэн  тохиолдолд зөвхөн жолооны шалгалт өгөх эрх нээгдэнэ. Онолын шалгалтаа амжилттай өгснөөс хойш 1 жилийн дотор шалгалтын дүн хүчинтэй хэвээр байх ба энэ хугацаанд багтаж жолооны шалгалтаа өгнө.

Жолооны дадлагын хувьд багштайгаа дадлагын цагаа тохирч, хуваарь гаргана. 1 удаагийн жолоо дунджаар хичээлийн 2 цаг үргэлжилнэ. Ихэвчлэн багштайгаа хамт жолоо хийнэ, тиймээс энэ нь хангалттай удаан жолоо барих боломжийг олгоно. Эхлэн сурагч дадлага хийх боломжтой тусгайлсан төлбөртэй талбайд мөн дадлага хийж болно. Жолооны эцэст багш юун дээр анхаарах талаар зөвлөнө. Явах чиглэлийн хувьд янз бүр, гэхдээ голчлон шалгалт авдаг зам, хотын хэсгээр явна. Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлахыг шаардана. Жолоодох чадварыг харгалзан багш шалгалт өгч болох өдрийн товыг санал болгодог, тиймээс өөрийгөө шалгалтанд бэлэн гэж үзвэл шалгалтын өдрийг ярьж тогтоно. Жолооны шалгалт 45 минут үргэлжлэнэ. Шалгалтыг дадлага хийж байсан машинаараа өгнө, дэргэд жолооны багш сууж, шалгагч арын суудалд сууж, явах чиг, хийх үйлдлийг зааварчилна. Шалгагч нь замын цагдаагаас биш харин техникийн үзлэг хариуцсан газраас (TÜV гэх мэт) томилогдсон мэргэжилтэн байна. Шалгалтын эцэст үнэлгээг тэр дор нь өгч, хэрэв тэнцвэл үнэмлэхээ шууд гардан авна.

Жолооны курсын хувьд хэр удаан үргэлжлэхээс хамаарч төлбөр янз бүр байна. Жишээ нь "B" ангиллын үнэмлэх авахад 24 цагийн (хичээлийн 24 цаг буюу 12 удаагийн) жолооны дадлага хийн, шалгалтын хураамжаа оруулаад төлбөр нийтдээ 1330,80 Евро болж байсан.

Ингээд шинээр жолооч болох гэж байгаа бол аль хэдийн жолооч болсон бүгдэд нь замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож, бусаддаа хүндэтгэлтэй хандахыг, хотын болон аяны зам нь үргэлж дардан байхыг хүсье.