Thursday, August 4, 2016

Aхиллесийн шөрмөс, түүний тасралт, эмчилгээ (PO 6 болон 8 дахь 7 хоног)

2016.7.12, PO 6 дахь 7 хоног

Өнөөдөр эмчид үзүүлж, эдгэлтийн явцаа шалгуулав.
Эмч эдгэлт хэвийн явагдаж байгааг хэлээд, тусгай гутлыг 1 ширхэг улавчтай өмсөхийг зөвлөв.
Дахин 2 долоо хоногийн дараа ирж үзүүлэхээр болов.

2016.7.26, РО 8 дахь 7 хоног

Эмчийн ээлжит хяналтын үзлэгээр эдгэлт хэвийн үргэлжилж байгааг мэдэгдэв. Одооноос эхлэн гэртээ таяггүй явах, гадуур гарахдаа тусгай гутлаа өмсөж байхыг зөвлөв. Тусгай гутлыг мөн ямар ч улавчгүй өмсөхөөр болов. 2 хөл дээрээ хазагнаад болов ч явах сайхан байв.

Бусдад тохиолдсон түүхээс сонирхох бол энийг бас уншаарай.
https://achillessehnenriss.wordpress.com/

Sunday, June 26, 2016

Aхиллесийн шөрмөс, түүний тасралт, эмчилгээ (PO 3-26 дахь өдөр)

2016.6.3, Хагалгааны дараахь (PO) 3 дахь өдөр

Оёдол, хагалгаа хэвийн эдгэж байгаа тул өнөөдөр эмнэлгээс гарав.

 
Эмчилгээний хувьд хөлөө өндөрт сойх, зориулалтын гуталтай эсвэл гипстэйгээ хөдлөх, мөн цусны судасны бөглөрлөөс сэргийлэх тарилга зэрэг үлдлээ.
Хөлд онцын зовиургүй, харин хөлийн шагайны орчим хавдартай хэвээр байлаа.


Хөлний бэртэл, гэмтлийн үед өмсөх гутал (Aircast AirSelect Elite)

Энэ гуталны өсгий зориулалтын нэмэлт жийрэгтэй. Хагалгааны дараагийн эхний 3 долоо хоногт 3 давхар жийрэгтэй, дараагийн 3 долоо хоногт 2 давхар жийрэгтэй гэх мэтээр эдгэлтийн явцаас хамааран жийргийг цөөрүүлж өмсөнө.
Ингээд гэртээ гипсээ хийгээд, гадуур гарахдаа гутлаа өмсөөд, таягаа тулаад яваад байхаар боллоо.

2016.6.5, PO 5 дахь өдөр


Боолтоо солихдоо хагалгааны оёдлоо өөрөө харлаа, 13-14 оёдолтой 8-9 см урт зүсэлт байв.

2016.6.10, PO 10 дахь өдөр

Хагалгааны оёогоо авахууллаа. Шөрмөс болон оёдол хэвийн эдгэж байна.

2016.6.11, РО 11 дэх өдөр

Өнөөдөр 6-7 цаг хэртэй гадуур явсны дараа хөлийн тавхай бүхэлдээ хавдсан, бага зэргийн зовиуртай болсон байв. Ганц хөл дээрээ таягтай явах гадаа ч, гэрт ч төвөгтэй, амаргүй байдгийг энэ хооронд нэлээд сайн мэдэрлээ.

2016.6.21, РО 21 дэх өдөр



Эмчийн хяналтын үзлэгээр шөрмөс хэвийн эдгэлттэй, дахин 5 долоо хоног гуталтайгаа явахыг зөвлөв. Гутлын өсгийний жийргийг 2 давхар болгож багасгав.
Гадуур гарахдаа 2 цагаас дээшгүй явахыг хичээнэ. Шагай хавийн хавдар хэвээрээ.

2016.6.26, PO 26 дахь өдөр


Оёдол хэвийн, шөрмөсний залгаас бололтой хэсэгт товгор байдалтай эдгэж байна.

Saturday, June 4, 2016

Aхиллесийн (өсгийний) шөрмөс

Тоглож байгаад санамсаргүй байдлаар баруун хөлийн өсгийний шөрмөс маань бүтэн тасарч гэмтсэн ба түүнтэй холбоотой хийгдэж байгаа эмчилгээг тэмдэглэл маягаар бичив. 

2016.05.26, Пүрэв

Орой 20 цагийн орчим тоглож байгаад баруун хөлдөө гэмтэл авлаа. Хөл дээрээ гишгэхээр болохгүй, шууд газар луу сөхөрч унаад байв. Шөрмөс татаж байгаатай төстэй зовиуртай байв. Хөлийн шагайны хэсэгтээ боолт хийгээд, гэрийн ойролцоох эмнэлэгт үзүүлэхээр явав.

Эмнэлэгт рентгенд харуулж, ясны гэмтэл байхгүй гэдгээ тодруулсны дараа хэрэв хөл зүгээр болохгүй бол өрхийн эмчдээ үзүүлэх зөвлөгөө аваад буцлаа. Хөлний зовиур хэвээр байлаа.

2016.05.27, Баасан

Өглөө 2 хөлийн өсгийний шөрмөсөө харьцуулахад зовиуртай хөлнийх мэдэгдэхүйц сул хэвээрээ байлаа. Өрхийн эмчид очиж үзүүлэхээр боллоо. Нэг хөл дээрээ догонцож явахаас өөр аргагүй байв.
Эмчид болсон явдал, зовиураа тайлбарлаж хэллээ. Эмч хөлийн хуруун дээрээ зогсож үзүүлэхийг хүслээ. Хөлийн хуруун дээрээ зүгээр зогсож чадахгүй байв. Эмч хөлд өвчин намдаагчтай боолт хийж өгөөд, 1 дэх өдөр хүртэл харзнаад хэрэв сайжрахгүй бол гэмтлийн мэс заслын эмчид хандахыг зөвлөөд, эмчийн бичиг, мөн таяг бичиж өглөө.

Хагас, бүтэн сайнд хөлийн зовиур мэдэгдэхүйц багассан боловч, гишгэж явах боломжгүй, зөвхөн таягтай явсан хэвээр байв.

2016.05.30, Даваа

Хөлөөрөө гишгэж явж чадахгүй хэвээр байсан тул мэс заслын эмчид үзүүлэхээр боллоо. Эмч үзээд тэр дор нь Ахиллесийн шөрмөсний тасралт (Achillessehnenruptur) гэж оношлоод, мэс заслын аргаар эмчлэнэ гэдгээ мэдэгдлээ. Тэгээд маргааш ирж MRT (Magnetresonanztomographie) буюу соронзон резонансийн зураглал хийлгэхээр болов. Энэ зураглал нь шөрмөс үнэхээр тасарсан эсэх, хэрэв тасарсан бол хаагуур, яаж тасарсныг буулгадаг юм байна.
Ихэвчлэн хагалгаа хийлгэсэн өвчтөнд тарьдаг судасны бөглөрөлийн (Thrombose) эсрэг тариаг мөн тарьлаа.

Aхиллесийн шөрмөс, түүний гэмтлийн талаар

Хүний биеийн хамгийн хүчтэй, мөн зузаан шөрмөс (зураг дээр улаанаар тэмдэглэсэн) бөгөөд хөлийн хуруун дээр зогсох, явах, үсрэх үед хөлийн тавхайгаас түлхэлт өгөх хөдөлгөөнүүдэд гол үүрэгтэй оролцдог.

Aхиллесийн шөрмөс гол төлөв гэнэтийн ачааллын үед, тухайлбал спорт болон хүнд хүчир биеийн ажлын үед тасарч гэмтэх нь элбэг байдаг. Шөрмөс нь бүхэлдээ эсвэл хэсгээрээ тасарч гэмтдэг. Тасрах гэмтлийн хэлбэрээс хамаарч тавхайн хөдөлгөөн хязгаарлагдаж, хөл дээр зогсоход хүндрэлтэй болно. Түүнчлэн хөлийн хуруун дээр зогсох боломжгүй болно.
Иймд Ахиллесийн шөрмөс тасарсан эсэхийг тогтоох хамгийн энгийн арга нь хөлийн хуруун дээр нь зогсоох. Хэрэв тухайн хүн 2 хөлийн хуруун дээрээ зогсож чадахгүй бол шөрмөс ямар нэгэн байдлаар гэмтсэн гэсэн үг.

2016.05.31, Мягмар

MRT зургаар өсгийн шөрмөс бүрэн тасарсан нь тогтоогдож, тэр өдрөө мэс заслын аргаар буюу шөрмөсөө залгуулж оёулахаар боллоо. Ерөнхийдөө шөрмөс тасарсан л бол заавал ингэж мэс заслын эмчилгээг хийдэг юм байна, хэрэв ингэхгүй өөрөөр нь эдгээвэл хэвийн хэмжээнд алхаж гишгэж чадахгүй болох эрсдэлд хүрдэг ажээ. Харин тухайн өвчтөнд хагалгаа хийхэд хүнд, эсвэл бага зэргийн гэмтэлд зөвхөн боолт хийх маягаар эмчилгээг бас хийдэг ажээ.
Элдэв харшил, эмгэгтэй эсэхтэй асуулгыг бөглөөд, хагалгаанд ерөнхийдөө бэлэн болов.
Шөрмөс оёх мэс ажиллагаа нийтдээ 90 минут орчим үргэлжилж, гол эмчилгээгээ хийлгэсэн тул санаа дэмий зовохоо болилоо.

Ахиллесийн шөрмөс тасарсан үед хийгдэх эмчилгээ

Эмчилгээний 2 төрөл байдаг. Хэрэв бага зэргийн гэмтэл, эсвэл зарим хэсэг нь тасарсан бол консерватив буюу зөвхөн боолт хийх замаар гэмтэл, тасралтыг эмчилнэ. Боолтыг хөлийн хуруун дээр явах хэлбэртэйгээр хийдэг. Харин хүндэвтэр, шөрмөс бүхэлдээ тасарсан бол мэс заслын аргаар оёх эмчилгээг хийнэ. Ноцтой тасарч гэмтсэн үед ил хагалгааг ихэвчлэн хийдэг. Давуу тал нь шөрмөс дахин тасрах риск багатай.






Харин тасраад удаагүй, хурдан эдгэрэлт шаардлагатай зэрэг тохиолдолд перкутан (percutane) техникийг ашиглан битүү хагалгааг хийж, оёдол тавидаг.





Фото зургуудын эх сурвалж: knieweh.at