Monday, January 21, 2013

Германы жолооны үнэмлэх авах талаар

Германд оршин суугаа гадаадын иргэн (Европын Холбооны болон Исланд, Лихтэнштэйн, Норвеги улсуудаас бусад орны иргэд) жолоодох эрхийн үнэмлэх буюу жолооны үнэмлэх хэрхэн авдаг талаар өөрийн туршлагаасаа энэ удаад хуваалцаж байна.

Товчхондоо ХБНГУ-д оршин суухаар бүртгүүлснээс хойшхи 6 сарын дотор гадаадын иргэд өөрсдийн улсын жолооны үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хэвээр байдаг.
Харин үүнээс хойш гадны жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрөхгүй, зөвхөн ХБНГУ-с олгосон жолооны үнэмлэхтэй байхыг шаардана. Үүний тулд гадаадын иргэд өөрсдийн жолооны үнэмлэхээ Германы жолооны үнэмлэхээр солиулж авах бөгөөд энэ процедур нь аль улсаас ирснээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Монгол иргэдийн хувьд жолооны үнэмлэхээ солиулахын тулд ХБНГУ-д жолоодох онолын болон дадлагын шалгалтыг амжилттай өгсөн байхыг заавал шаардана. Өөрөөр хэлбэл Германд жолооны курст суралцаж, дээрх 2 шалгалтыг заавал өгнө гэсэн үг.

Үнэмлэх солиулах хүсэлт гаргах

Жолооны үнэмлэх солиулах хүсэлтээ уг асуудлыг хариуцсан захиргааны байгууллагад (Führerscheinstelle) гаргаж, аль нэг жолооны курст (Fahrschule) мөн давхар бүртгүүлнэ. Учир нь дээр дурьдсанчлан замын хөдөлгөөний дүрэм болон жолооны шалгалтыг (манайхаар бол онолын болон хотын жолооны шалгалтууд) амжилттай өгч байж үнэмлэхээ солиулж авна. Эдгээр шалгалтыг жолооны курсээр дамжуулан авдаг учир аль нэгэн жолооны курст бүртгүүлнэ.
 Өргөдлийг гаргахдаа дараахь материалуудыг мөн хамт бүрдүүлж өгнө.
Үүнд (2009 оны 10 сарын байдлаар):
1. Биеийн байцаалт (гадаад паспорт)
2. Одоо эзэмшиж байгаа гадны жолооны үнэмлэх
3. Жолооны үнэмлэхний баталгаат орчуулга
4. Анх Германд хэзээ орж ирсэн тухай баталгаа (анх ирээд гадаадын иргэдийг бүртгэх газарт (Ausländerbehörde) бүртгүүлсэн маягтын хуулбар)
5. Аль нэг жолооны курстэй байгуулсан сургалтын гэрээ (жолооны курс дээр очоод бүртгүүлэхээр гэрээ байгуулна, тэр гэрээгээ авчирч үзүүлнэ)
6. Анхны тусламж үзүүлэх курст сууж, дадлага хийсэн тухай гэрчилгээ
7. Хараа шалгуулсан магадлал
8. Цээж зураг
9. Өргөдлийн хураамж (42,60 Евро)
Эдгээр материалыг хүлээж авснаас хойш дунджаар 5-6 долоо хоногийн дараа жолооны үнэмлэх бэлэн болно. Жолооны үнэмлэх бэлэн болсноор шалгалт өгөх боломж бүрдэнэ.

Үнэмлэхийн орчуулгын хувьд, жишээ нь, герман хэл дээрх албан орчуулгын хөлс нь 25 Евро, орчуулгыг буцааж илгээх шуудангийн хөлс 5 Евро, нийлээд 30 Евро болох жишээтэй. Орчуулгыг орчуулгын энэ товчоогоор хийлгэсэн болно.

Анхны тусламжийн курс (Erste Hilfe Kurs)

Жолооны курсээс хаана очиж анхны тусламжийн курст сууж болохыг хэлнэ. Энэ курст сууж, осол аваарын үед хэрхэн анхны тусламж үзүүлэх, осолдсон хүмүүсийн амь насыг аврахад шаардлагатай үндсэн аргачлалтай танилцаж, дадлага хийнэ. Үүнд:
1. анхны тусламж (ослын газар, нөхцөл байдлыг харж үнэлэх, ослын дуудлага өгөх, ослын газрыг хамгаалах, осолдсон хүний амь насыг аврах)
2. амь насыг аврах аргачлал
2.1. осолдсон хүнийг машинаас гаргах
2.2. осолдсон хүнийг аюулгүй байдлаар хэвтүүлэх
2.3. хүний зүрх-уушигны ажиллагааг дахин сэргээх
2.4. цус алдалтын үед цус тогтоох боолт хийх зэргийг зааж, дадлага хийлгүүлнэ.

Дээрх онолын болон дадлагын ажлын эцэст анхны тусламж үзүүлэх ажиллагаатай танилцсан гэсэн гэрчилгээ олгоно. Мөн уг курс дээр зарим тохиолдолд хараа шалгуулж, биометрийн цээж зургаа авахуулах боломжтой бөгөөд эдгээр нийлээд арай хямд үнэлгээтэй байх бас боломжтой.
Жишээ нь:
- анхны тусламжийн курс: 15,99 Евро
- хараа шалгуулах: 6,43 Евро
- цээж зураг: 4,99 Евро
нийт 27,41 Евро болох ч хөнгөлттэйгээр 11,99 Евро төлөх жишээтэй.

Жолооны курс, шалгалт

Тээврийн хэрэгсэл жолоодон зам, тээврийн хөдөлгөөнд оролцох дүрмийг үзэж судлан, жолоодох дадлагыг эзэмшүүлнэ. Жолооны үнэмлэхээ солиулах шалтгаанаар уг курст бүртгүүлсэн бол онол/дүрмийн хичээлд биечлэн суух шаардлагагүй, хичээлийн материалын дагуу бие даан бэлдэх боломжтой, мөн заавал хийх ёстой тусгай жолооны дадлагыг хийхийг заавал шаарддаггүй. Энэ тусгай дадлага нь 5 цагийн хотын жолоо, 4 цагийн хурдны замын жолоо, 3 цагийн шөнийн жолоо багтана.


Курсын төлбөр нь суурь хураамж, сургалтын материал, шалгалтын хураамж, жолооны дадлагын хураамжуудаас бүрдэнэ. Суурь хураамжийг курст бүртгүүлэхдээ төлнө, бусдыг нь тухай бүрд нь төлөх боломжтой байдаг. Төлбөрийн хэмжээ ямар ангиллын үнэмлэх авахаас хамаарч ондоо байна. Мөн түүнчлэн курсууд төрөл бүрийн автомашин (автомат, механик) дээр дадлага хийлгэх, зарим нь англи хэлээр явуулах санал гаргах нь ч бий.

Жолооны курсын жишиг төлбөрийг сонирхуулбал (2009 оны байдлаар):
- Суурь хураамж: 230 Евро
- Сургалтын материал: 85 Евро
- Онолын шалгалтын бэлтгэл: 50 Евро
- Жолооны шалгалтын бэлтгэл: 140 Евро
- Жолооны дадлага (1 цаг): 33 Евро
- Жолооны дадлага, хурдны зам дээр (1 цаг): 42 Евро
- Жолооны дадлага, хот орчим (1 цаг): 42 Евро
- Жолооны дадлага, шөнийн жолоо (1 цаг): 42 Евро
1 цаг нь академик цагтай ижил 45 минут юм.

Онолын хичээл нь "B" ангиллын үнэмлэх авах тохиолдолд нийт 12 - 14 удаагийн лекцээр замын хөдөлгөөний дүрмийг тайлбарлаж өгнө. Дасгал ажлын хувьд цаасан дээр шаблонтой ажиллахгүй, харин онлайн, эсвэл апп хэлбэрээр явагдана. Нийтдээ 1000 нэлээд гаран асуулт байх ба шуурхай, энгийн гэх мэт янз бүрийн горимоор асуултанд хариулж бэлдэх боломжтой. Өөрийн явц, онолын шалгалт өгөхөд хангалттай хэмжээнд хүрсэн зэргийг эндээс хянах боломжтой. Асуултууд 1-5 хүртлэх онооны үнэлгээтэй байна. Онолын шалгалтанд зөвхөн санамсаргүй сонгогдсон 20 асуултанд хариулах ба хэрэв 10-с дээш оноо алдвал шалгалтанд тэнцээгүйд тооцно. Нийтдээ 3 удаа онолын шалгалт өгөх эрхтэй, үүнээс дээш тохиолдолд эхлээд сэтгэцээ шалгуулж байж дахин шалгалт өгөх эсэх шийдэгдэнэ. Онолын болон жолооны шалгалтыг сар бүр авдаг тул өөрөө бэлэн болсон гэж үзвэл шалгалт өгөх өдрөө багштайгаа ярилцаад шалгалтын товоо тогтооно. Онолын шалгалтыг электрон хэлбэрээр авах ба дүнг тэр дор гаргаж өгнө. Онолын шалгалт дээр тэнцсэн  тохиолдолд зөвхөн жолооны шалгалт өгөх эрх нээгдэнэ. Онолын шалгалтаа амжилттай өгснөөс хойш 1 жилийн дотор шалгалтын дүн хүчинтэй хэвээр байх ба энэ хугацаанд багтаж жолооны шалгалтаа өгнө.

Жолооны дадлагын хувьд багштайгаа дадлагын цагаа тохирч, хуваарь гаргана. 1 удаагийн жолоо дунджаар хичээлийн 2 цаг үргэлжилнэ. Ихэвчлэн багштайгаа хамт жолоо хийнэ, тиймээс энэ нь хангалттай удаан жолоо барих боломжийг олгоно. Эхлэн сурагч дадлага хийх боломжтой тусгайлсан төлбөртэй талбайд мөн дадлага хийж болно. Жолооны эцэст багш юун дээр анхаарах талаар зөвлөнө. Явах чиглэлийн хувьд янз бүр, гэхдээ голчлон шалгалт авдаг зам, хотын хэсгээр явна. Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлахыг шаардана. Жолоодох чадварыг харгалзан багш шалгалт өгч болох өдрийн товыг санал болгодог, тиймээс өөрийгөө шалгалтанд бэлэн гэж үзвэл шалгалтын өдрийг ярьж тогтоно. Жолооны шалгалт 45 минут үргэлжлэнэ. Шалгалтыг дадлага хийж байсан машинаараа өгнө, дэргэд жолооны багш сууж, шалгагч арын суудалд сууж, явах чиг, хийх үйлдлийг зааварчилна. Шалгагч нь замын цагдаагаас биш харин техникийн үзлэг хариуцсан газраас (TÜV гэх мэт) томилогдсон мэргэжилтэн байна. Шалгалтын эцэст үнэлгээг тэр дор нь өгч, хэрэв тэнцвэл үнэмлэхээ шууд гардан авна.

Жолооны курсын хувьд хэр удаан үргэлжлэхээс хамаарч төлбөр янз бүр байна. Жишээ нь "B" ангиллын үнэмлэх авахад 24 цагийн (хичээлийн 24 цаг буюу 12 удаагийн) жолооны дадлага хийн, шалгалтын хураамжаа оруулаад төлбөр нийтдээ 1330,80 Евро болж байсан.

Ингээд шинээр жолооч болох гэж байгаа бол аль хэдийн жолооч болсон бүгдэд нь замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож, бусаддаа хүндэтгэлтэй хандахыг, хотын болон аяны зам нь үргэлж дардан байхыг хүсье.

Monday, January 2, 2012

Өндөр чадвартай мэргэжлийн ажиллах хүчнийг зохицуулах журам хэрэв өөрчлөгдвөл?

Германы засгийн газараас Европын Холбооны Цэнхэр Карт-ын журмыг өөрчлөх хуулийн төслийг 2011 оны 12 сарын 7-нд баталсан байна. Энэхүү цэнхэр карт”-аар гуравдагч улсын өндөр чадвартай мэргэжилтний Европын Холбооны улсуудад нэвтрэх болон оршин суух нөхцөлүүдийг журамласан байдаг. Тэгвэл ХБНГУ-ын засгийн газар гуравдагч улсын мэргэжилтнүүдэд өөрийн улсдаа ажиллаж амьдрах боломжийг улам тэлэх зорилгоор цэнхэр карт”-анд тусгагдсан журмын хүрээнд холбогдох хуулиндаа дараахь өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөжээ.

Хуулийн төсөлд тусгагдсан заалтуудыг нарийвчилбал:

- „Eвропын Холбооны Цэнхэр Карт“ гэж нэрлэгдэх оршин суух зөвшөөрлийн шинэ статусыг нэвтрүүлнэ.

- Энэ картыг эзэмших хүсэлт гаргагч аль нэгэн дээд сургууль төгссөн байхаас гадна жилд доод тал нь 44000 Евроны (нийт) цалинтай ажил эрхэлдэг байх шаардлагатай.

- Давуу эрхийн болон ажлын байрны нөхцөлийг харьцуулах шалгалтаас цаашид татгалзах. Энэ нь карт олгох ажиллагааг хөнгөн, шуурхай болгоно.

- Хомсдолтой байгаа мэргэжлийн ажиллах хүчний хувьд цалингийн доод хэмжээ 33000 Евро байна. Энэ мэргэжлийн тоонд бүх төрлийн инженерүүд, мэдээлэл холбооны технологийн салбарын мэргэжилтнүүд, эмч зэрэг багтана.

- Дээрх мэргэжилтнүүдийн хувьд давуу эрхийн шалгалт хийгдэхгүй. Харин ажлын байрны нөхцөлийг харьцуулах шалгалт хийгдэнэ.

- Дээрх мэргэжилтнүүдийн хувьд 2 жилийн дараа байнга оршин суух эрхийг авах боломжтой.

- Гэр бүлийн гишүүд ямар ч хязгаарлалтгүйгээр ажиллах эрхтэй байна.

Дээр заагдсан өөрчлөлтүүдээс гадна дараахь хөнгөлөлтүүдийг мөн тусгасан байна:

- Шууд байнгын оршин суух эрх авахад тавигдах цалингийн доод хэмжээг 48000 Евро болгон бууруулах. Гэхдээ энэ эрхийг авсны дараахь 3 жил дотор улсаас тэтгэмж авбал уг эрх хүчингүй болно.

- Германы их, дээд сургууль төгсөгчид ажлын байр хайх жилдээ ямар ч хязгаарлалтгүй ажиллаж болох ба 2 жил ажилласны дараа байнгын оршин суух эрх авах боломтой.

- Судалгааны ажлаар ирж байгаа судлаачдыг зохицуулах журмыг хөнгөвчлөх.

- Германд мэргэжлийн боловсрол эзэмшихээр ирсэн гадны улсын иргэд сурсан мэргэжлээрээ ажиллахаар үлдэж болно.

Тайлбар:

Хэрэв энэ өөрчлөлт, хөнгөлөлтүүд зохих хуулиндаа хийгдвэл Европын Холбооны бус улсын мэргэжилтнүүд (дээд сургууль төгссөн, инженер эсвэл эмч мэргэжилтэй) Германд ажиллаж, амьдрахад тавигдаж байгаа өндөр босгыг нэлээд доош нь буулгаж өгөх юм. Учир нь:

- Одоогоор „цэнхэр карт“ авахад жилийн (нийт) цалингийн хэмжээ 66000 Евро байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Гэтэл энэ нэлээд өндөр босго тул энэ нөхцөлөөр карт авах боломж тун бага.

- Инженер, эмч мэргэжилтэй ажиллах хүчин Германд тун их шаардлагатай байгаа. Инженерүүдийн дотор ялангуяа машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл (энэ салбарт Монголоос ирэх мэргэжилтэн бараг байхгүй байх), электроник, мэдээлэл холбооны технологийн инженер, мэргэжилтэн (харин энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд боломж байгаа) илүү их эрэлттэй байгаа. Микроконтроллерт суурилсан төхөөрөмжийн зохион бүтээлт, програмчлал хийдэг ажил дээр өрсөлдөөн харьцангуй бага тул Монголд төгссөн залуус хийх боломжтой санагддаг. Харин вэб програмчлал зэрэг түгээмэл ажлын байр дээр өрсөлдөөн ихтэй байх магадлалтай.

- Давуу эрхийн шалгалт хийгдэхгүй гэдэг нь сайн. Учир нь энэ шалгалтаар тухайн ажлын байран дээр Германы иргэн ажиллах боломжтой эсэхийг шалгаад, хэрэв үгүй бол гадны хүн ажиллахыг зөвшөөрдөг шалгалт юм. Тиймээс ийм шалгалтгүй болчих юм бол гадны хүн, герман хүнтэй шууд өрсөлдөнө гэсэн үг. Мөн ажлын байрны нөхцөлийн харьцуулах шалгалт хийх нь бас сайн. Энэ нь гадны хүний ажлын байрны нөхцөл, герман хүнийхтэй ижил байгаа эсэхийг шалгана гэсэн үг. Цалин, бусад ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт гээд ажлын байранд тавигдах шаардлагууд орно.

- 2 жил ажиллаад дараа нь шууд байнгын оршин суух зөвшөөрөл олгоно гэдэг нь одоо хүчинтэй байгаа 5 жил ажиллаж байж авах нөхцөлийн дэргэд үнэхээр том үсрэлт. Бас гэр бүлийн гишүүн ажил хийх эрхтэй байна гэдэг бас том хөнгөлөлт. Энд мэргэжлийн ажил хийх тухай ярьж байгаа гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй.

- Гол саад нь хэл, соёлын ялгаа байж болох юм. Хэлний хувьд Монголдоо хэлний мэдлэг эзэмших нь хамаагүй дээр. Тэгэхдээ болж өгвөл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг гэрчилгээ (Goethe, TestDAF) олгодог курст ядаж B1 төвшний сургалтыг дүүргэсэн байвал сайн. Хэлний сургалтын төвшин нь А1, A2, B1, B2, C1, C2 гэсэн шатлалтай. Хагас жилийн дотор ажлынхаа хажуугаар В1-г хийх бүрэн боломжтой. Соёлын ялгааны хувьд бидний арилгаж чадах зүйлс нь оноосон ажлаа бүрэн хариуцаж хийх, ажлын цаг, журмыг баримтлах гээд дөнгөж болох юмнууд байгаа. Ер нь тэгээд инженерүүдийн орчинд хоорондоо ойлголцоход төвөгтэй асуудал гарах нь ховордоо. Соёлын арилгахад хэцүү ялгаанд хүүхэд тойрсон бүх юм орж болох юм. Жишээ нь байр хайхад хүүхэдтэй бол хүмүүс хөлслүүлэх дургүй, дээр нь олон өрөө байр шаардлагатай болно. Гэтэл ганц бие, хүүхэдгүй гэр бүлүүд элбэг байдаг газарт олон өрөө байрны олдоц бага. Бага насны хүүхдийн хувьд цэцэрлэгийн олдоц элбэг биш. Цэцэрлэгүүд нь гол төлөв 9-12 хүртэл үндсэн ажиллах цагтай, 17 хүртлэх цаг нь нэмэлт төлбөртэй (бүр улсын цэцэрлэгүүд нь) Сургуулийн насны хүүхдийн хувьд герман хэлгүй бол дор хаяж 1 жил хэлний эрчимжүүлсэн сургалттай сургуульд явсны дараа цааш үргэлжлүүлэн сурах боломжтой болно. Монголын сургалтын системтэй харьцуулахад бие даан ажиллах чадвар, эцэг эхийн дэмжлэг ихээр шаарддаг тул хүүхэд сайн сурах нь эсэх нь ерөнхийдөө гэр бүлийн асуудал болж хувирна.

- Энэ хуулийн төсөл хэзээ хэлэлцэгдэн батлагдахыг бүү мэд, бас яг энэ хувилбараараа батлагдахыг бүү мэд, гэхдээ батлагдсан даруйдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэх нь бол гарцаагүй. Тэр үед нь энэ талаар дахин мэдээллэе.

Source: here

Thursday, July 7, 2011

Герман, чи гадныханд юу санал болгож чадах вэ? - Үргэлжлэл

Герман, чи гадныханд юу санал болгож чадах вэ?

Үргэлжлэл (түрүүч нь энд байгаа)

Ирж байгаа гадныхнаас чи бас юм хүсээд байгаа бил үү!

Гаднаас ирэгсдийг чи хэдэн арван жилийн туршид аюул занал мэтээр үздэг байсан, тиймээс ч өнгөрсөн жилийн турш эрхэм Тило Саррацины[2] өдүүлсэн шиг мэтгэлцээн газар авч, (гадныханд) дайсагнасан уур амьсгал улам лавшруулсан. Тэгснээ хэрнээ чамайг гаднаас ажиллах хүч дуудсан даруйд чам дээр бүгдээрээ уралдаад хүрээд ирэх юм шиг ааш аягийг чи гаргаж байна. Миний мэдрэмж гэвэл, чи гаднаас ирэгсдэд тулгарах саад бэрхшээлийг багасгаж, (тэдний төлөө) аймаар энэрэнгүй үйл хэрэг үйлдэж байгаа мэтээр өөрийгөө үзэж байна. Яахав одоогоор танай Засгийн газар чинь эдийн засаг болон үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй энийгээ хэлэлцэж байгаа л даа. Европын холбооны бус орнуудын (гуравдагч орноос) өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдэд (Германд) удаан хугацаагаар оршин суух эрх авахад нь тулгадаг орлогын доод хэмжээ чинь одоо болтол 66000 Евро дээрээ хэвээрээ байгаа. Энэ чинь тэднээр тохуурхсан хэрэг биш үү? Ажлын гарааныхаа хөлсөө ийм өндрөөс эхлүүлсэн тэр герман мэргэжилтнүүд чинь тэгвэл хаана байгаад байна аа?

Энэ жишиг хэмжээг буулгаж, гадныхны мэргэжил боловсролын зэргийг хүлээн зөвшөөрөх замаар чамд нэн даруй хэрэгтэй байгаа мэргэжилтнүүдийг чам дээр ирэх нөхцөлийг хөнгөвчлөнө гэж байгаа л даа. Чи дөнгөж саяхнаас тухайн орон тоон дээр хэн нэгэн дотоодын мэргэжилтэн ажиллах боломжтой үед гадны эмч, инженерийг ажиллуулж болох эсэхийг шалган тогтоодог давуу эрхийн шалгуураа хэрэгсэхгүй болгосон л доо.

Гэхдээ энэ бүхэн чинь хангалттай биш байна. Эдийн засгийн хүчин зүйлүүд биш харин хүмүүс чам дээр ирж байгаа гэдгийг бүү мартаарай. Тэгэхдээ өөр өөрийн хүсэл мөрөөдөл, соёл, сэтгэлгээний онцлогтой хүмүүс шүү. Энэ хүмүүс чамд таалагдахын тулд чиний төлөө ажиллах байх л даа, гэхдээ ямар ч үнээр хамаагүй тэгэх нь юу л бол. Тэр хүмүүс өөрсдийн хэл соёлоо хэрэглэж, өөрсдийн онцлогоо хэвээр нь хадгалсаар байх болно. Чи энийг аюул занал биш харин өргөжин тэлэлт гээд л ойлгочих. Энэ хүмүүстэй битгий зочин шиг харьц, тэрний оронд өөрийнхөө нэг хэсэг болго. Нэгэнт чи тэднээс юм хүсэж байгаа бол тэдэнд ч хариуд нь юм өг л дөө.

Хэрэв ингэхгүй л юм бол тэр хүмүүс тэдэнд хамгийн эвтэйхэн байх өөр бусад улс орнуудыг зүглэх нь гарцаагүй.

Чиний ирээдүйд сайн сайхныг хүсэн мэндчилсэн

Хаснаин Казим

2 Tило Саррацин – германы улс төрч (Cоциал демократ), Холбооны Банкны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн асан. Цагаачлалын хязгаарлагдмал бодлогыг (энэ нь гадны өндөр мэргэшсэн мэргэжилтэнд хамаарахгүй) идэвхтэй дэмжигч. Голлон араб, турк гаралтай цагаачид одоо болтол Германд сайн нутагшаагүй (интегралчлагдаагүй), тэд нийгмийн халамжийг нэлээд хувийг хүртдэг, гэмт хэрэгт холбогдогчдын тоон үзүүлэлт өндөр зэргийг “Герман багасч байна” гэсэн номондоо шүүмжлэн дурдсан. Түүнээс болж исламын шашинтай цагаачдын зүгээс хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлттэй тулгарсан.


эх сурвалж: Шпигэл

Wednesday, July 6, 2011

Герман, чи гадныханд юу санал болгож чадах вэ?

Германы "Шпигэл" (Spiegel) сэтгүүлийн 2011 оны 7 сарын 5-ны онлайн дугаарт нийтлэгдсэн нэгэн бичлэгийг орчуулан хүргэж байна.


Герман, чи гадныханд юу санал болгож чадах вэ?

Германд ажиллах хүчний хомсдолын талаар ид хэлэлцэж, гадаад орноос (ЕХ-ны бус харин гуравдагч улсаас) эмч болон инженерүүдийг “авчран ажиллуулахаар” ярилцаж байна. Тэгэхдээ дуудсан даруйд дэлхийн өнцөг бүрээс өндөр чадвартай ажиллах хүч тэр дороо хүрээд ирэх юм шиг Засгийн газар нь үзэж байна. Чухам яагаад тэдгээр өндөр чадвартангууд ирэх гэж?

Энэ асуултын хариуг "Шпигэл"-д Хаснаин Казим ийнхүү өгчээ.

Сайн уу Герман орон минь,

Хээнцэр, элбэг хангалуун, онцлог олон талуудтай, нэлээд нөлөөтэй гэдгээрээ чи бол хэнд ч анзаарагдахаар орон. Европыг чи дөвийлгөн харуулж чадсан, өөрийнхөө ажилсаг, найдвартай байдлаараа. Чиний инженерчлэх урлаг дэлхий даяар нэр хүндтэй, чиний фирмүүд бөмбөрцөгийн нөгөө талд ч гэсэн нэр сайтай байдаг. Өөрөөр хэлбэл чамд бусдыг өөртөө татах зөндөөн зүйлс байна.

Гэхдээ яг одоо чи нэлээд хүндхэн асуудалтай тулгараад байна. Чиний хүн ам цөөрөхийн зэрэгцээ бас хөгширч байна, тиймээс чиний тэтгэвэрийн систем чинь энэ ачааллыг дийлэхээ болиж байна. Ингээд ирэхээр чи тун цөөхөн мэргэшсэн ажиллах хүчтэй болж байгаагаа мэдэрч эхэллээ. Харин энэ удаад чи тухайн үед „зочин ажилчин“[1] гэж нэрлээд хайж байсан энгийн ажилчдыг бус харин эмч, инженерүүдийг хайхаар шийджээ. Гэхдээ яг л тухайн үед бодсон шигээ эдгээр гадны ажиллах хүч чамд тулгарсан асуудлыг шийдэхэд туслана гэж итгэжээ.

Тун саяхан надаас нэгэн энэтхэг программчин-инженер өөрт нь санал болгосон ажлын 2 саналаас сонголт хийхэд нь туслахыг хүслээ. Нэг санал нь Америкийн нэгэн компьютер үйлдвэрлэгчээс ирсэн бол нөгөө нь Германы программ бүтээдэг нэгэн концернээс иржээ. „Би Америк явах саналыг нь зөвшөөрөх үү, эсвэл Герман явах саналыг нь сонгох уу. Би яавал дээр вэ?

Би тэр энэтхэгт ямар хариу өгөх вэ?

Герман би чамд дуртай, тиймдээ чамайг ямар нэгэн асуудалтай байгаасай гэж би хүсэхгүй байна. Гэхдээ би тэр энэтхэг мэргэжилтэнд чухам юу гэж хэлэхээ яг үнэндээ мэдэхгүй байна.

Миний үнэлэлтээр бол чиний хэлийг сурахад нэлээд хэцүү. Гэтэл өнөөдөр ихэнх өндөр мэргэшсэн мэргэжилтнүүд Америк, Канад, Австрали, Сингапур, Малайз, Шинэ Зэланд, Скандинавын улсуудад, за бараг дэлхийн аль ч оронд ямар ч асуудалгүйгээр англи хэлээр харилцаж болж байна. Харин чамтай бол үгүй.

Чиний хийсэн хоолонд ихэнх хүмүүст дасан зохицох шаардлагатай байдаг. Цаг агаар чинь ердөө муухай. Бид энд чиний албаны хүнд суртлын талаар яриагүй байна. Ийм байхад чи чиний бахархал гэж боддог нийгмийн халамжийн систем чинь хэн нэгэн өндөр мэргэшсэн мэргэжилтнийг татаж чадна гэдэгт итгэсээр байгаа юм уу?

Тиймээс би чамаас шулуухан асуумаар байна: Чи үнэндээ хэн нэгэн ази програмчин, африк эмч, өмнөд америкийн инженерт чухам юу санал болгож чадах вэ? Чиний “бяцхан итал” (little italy), “хятад суурин” (china town), энэтхэг хороолол чинь хаана байнаа? Берлинд байдаг туркийн хорооллынхоо талаар чи байнга л гомдоллож байдаг биз дээ.

Аль нэг фирм сайн ажилтаныг хэрхэн хайдаг шиг чи өөрөө бүхэл бүтэн улсын хувьд өндөр мэргэшсэн цагаачдыг мөн тийм аргаар хайна гэдгийг, мөн чи „гавал” толгойн төлөөх олон улсын өрсөлдөөн дунд байгаа гэдгээ, энэ өрсөлдөөнд зөвхөн чиний нэр хүнд хангалттай биш, нэмээд чамаас өөр юм шаардлагатай гэдгийг, дээр нь соёлын олон төрөл зүйлд найрсаг хандах хандлага чамд дутагдаж байгаа гэдгийг уг нь чи мэдсэн баймаар юм.

Гэтэл чи өөрийгөө бараг л хүндийн хүчний үйлчлэлээр бүх хүмүүс нь татагдаж байдаг дэлхий ертөнцийн төв мэт санаж, яавал урсан орж ирэх цагаачдын урсгалд учрах саадыг бууруулах талаар хэлэлцэж байна. Тэгэх тэгэхдээ зөвхөн зөв хэмжээгээр энэ урсгалыг өөртөө оруулахаар яриж байна. Өмнө хэлсэнчлэн чи бол тун мундаг, аан гэхдээ чи өөрийгөө яг дурын хүүхнийг өөртөө татаж чаддаг гайхамшигтай залуу мэтээр төсөөлж байна. Хэрэв чи, чамаас бусад энэ ертөнцийн хэн бүхэн тэсэн тэвчихийн аргагүй иймэрхүү байдлаараа байгаад байвал чи өөрийнхөө асуудалтайгаа ганцаараа зууралдаад үлдэх вий гэхээс би эмээж байна.

Үргэлжлэл бий.

1. зочин ажилчин – 1960-1970 оны үеэр Германд тусгай хөтөлбөрийн хүрээнд ирж ажиллаж байсан цагаач ажилчид.

эх сурвалж: Шпигэл