Sunday, December 30, 2007

Санта Клаус үнэхээр байдаг уу


Улиран одсон зул сарын баяр, угтан ирж байгаа шинэ жилийн баярыг тохиолдуулан та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөж, энэ баяраар хамгийн завгүй байдаг нэгэн эрхэмийн талаарх сонирхолтой тооцоог дэлгэе. Тавлан сууж, тухлан уншаарай.


  1. Одоогоор нээгдэж, бүртгэгдээд байгаа цаа бугын аль ч төрөл нисэж чаддаггүй боловч цаашид ангилан зүйлчлэх шаардлагатай 300000 зүйлийн амьд биет байдаг ажээ. Гэвч эдгээрийн ихэнх нь шавьж, бичил биетнүүд юм. Гэхдээ энэ нь Сантагаас өөр хэн ч хараагүй „нисдэг“ цаа бугыг үгүйсгэх шалтаг болохгүй юм.

  2. Дэлхий дээр 2 тэрбум хүүхэд (18-аас доош насныхан) байгаа ажээ. Гэхдээ Сантагийн ажил муслим, хинди, еврей, буддист хүүхдүүдэд хамаагүй гэж үзвэл зөвхөн 378 сая хүүхэд үлдэх бөгөөд ингэснээр Сантагийн ажил 85%-р буурах юм. Хүн амын тооллогын статистикаас үзэхэд нэг өрхөд дунджаар 3,5 хүүхэд оногдоно гэвэл дэлхий дээр 91,8 сая айл өрх амьдарч байгаа гэж үзэж болно. Харин нэг айлд ядаж нэг сайн жаал байгаа гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх.

  3. Зул сарын баяраар Санта 31 цагийн турш ажиллах шаардлагатай бөгөөд цагийн ялгаатай бүсүүд, мөн дэлхий тэнхлэгээрээ эргэдгийн ачаар Санта маань бодвол зүүнээс баруун зүгт тойрон энэ нүсэр ажлаа амжуулдаг байж таарна. Энэ нь тэрээр 1 секундэд 822,6 айлаар ороод гарна гэсэн үг юм. Үүнийг тодруулбал хүмүүжил сайтай хүүхэдтэй христосын шашинтай 1 айлаар зочлохын тулд цааны цуваагаа зогсоон, чарганаасаа үсэрч буун айлын яндангаар орж, өлгөөтэй оймснуудыг дүүргээд, сүлд модных нь ёроолд бэлгээ байрлуулж, тэр зуураа ширээн дээр үлдсэн амттанаас амсаад, тэгээд буцаад яндангаараа гарч, чаргандаа суугаад дараагийн айлд очих энэ бүхнийг 1 секундыг 1000 хуваасантай тэнцэх хугацаанд амжуулна ёстой юм. Хэрэв түүний зогсох ёстой 91,8 сая зогсоол (айлууд) дэлхий дээгүүр жигд тархан байрласан гэж үзвэл (мэдээж ийм боломжгүйг бүгд мэдэж байгаа боловч тооцоог хялбарчлах үүднээс ингэж үзлээ) нэг айлаас нөгөө айл хүртлэх зай 0,78 миль (1 миль 1,6 км-тэй тэнцэнэ, иймд 1,25 км болно) ба нийт зай нь 75,5 сая миль (120,8 сая км) болох юм. Гэхдээ энэхүү 31 цаг үргэлжлэх аялалд бид бүхний ядаж 1 удаа хийдэг зүйлийн зогсоол болоод идэш ууш, өөр бусад юмны зогсоолыг тооцсонгүй. Энэ бүхнийг амжуулахын тулд Сантагийн хөлөглөсөн чарга 650 миль/сек (1040 км/сек) хурдтай буюу гэрлийн хурднаас даруй 3000 дахин илүү хурдлах ёстой юм. Энэ хурдтай харьцуулах жишээнүүдийг татвал ертөнц дээр хүний гараар хийгдсэн хамгийн хурдан унаа болох Ulysses сансрын хөлөг (NASA болон ESA-н хамтын бүтээл) 27,4 миль/сек (43,84 км/сек), харин ердийн цаа буга 15 миль/цаг (24 км/цаг) тус тус хурдалдаг байна.

  4. Сантагийн хөлөглөсөн чарганы ачааг бас сонирхохгүй орхиж болохгүй нь. Хэрэв хүүхэд бүр 2 фунт (1 фунт нь 0,45 кг гэвэл энэ нь 0,9 кг болно) жинтэй дунд зэргийн хэмжээтэй Lego тоглоомны хэртэй зүйл бэлгэнд авна гэж үзвэл Сантагийн чарганд түүнийг өөрийг нь оролцуулахгүйгээр 321300 тн бэлэг ачигдах ажээ. Тэгвэл ердийн цаа буга газар дээр 300 фунтээс (135 кг) илүүгүй ачааг чирэх чадвартай. Харин “нисдэг” цаа бугыг 10 дахин илүү хүнд ачааг чирч чадна гэж мэлзвэл, 8 тэр ч байтугай 9 “нисдэг” цаа байгаад ч дээрх бэлгийг тээвэрлэх боломжгүй юм. Үүний тулд дор хаяж 214200 ширхэг цаа буга шаардлагатай. Энэ олон тооны цаа буга чарганы жинг тооцохгүй байсан ч ачааг нэмж хүндрүүлэн 353430 тн болгох юм. Энэ хэмжээ нь Queen Elizabeth-н (1940-өөд онд бүтээгдсэн далайн усан онгоц) жингээс 4 дахин их ажээ.

  5. Энэхүү 650 миль/сек (1040 км/сек) хурдтай хурдалж яваа 353430 тн жинтэй цуваа маань ямар их агаарын эсэргүүцэлтэй тулгарахыг тооцоолоё. Агаарын үрэлт нь “нисдэг” цаануудыг маань яг л сансрын хөлөг дэлхийн агаар мандалд нэвтрэх үед үүсдэгтэй яг ижил хэмжээгээр халааж, шарах юм. Эндээс цувааны эхний 2 цаа буга тус бүрдээ 1 секундэд 14,3 квинтиллион жоуль ( 1 квинтиллион нь 10-н 18 зэрэгт тоо) энергийг шингээх ба энэ энерги нь 2 цааг хоромхон зуур галдаад зогсохгүй, ар арын бүх цаануудыг шатааж, энэ их гал дөл, дэлбэрэлтээс чих дүлийрэм чимээ нүргээн үүснэ. Энэ бүхний үр дүнд цааны цуваа ердөө л 1 секундийг 42600 хуваасантай тэнцэх хугацаанд үнсэн товрог болж, алга болох юм. Үүний зэрэгцээ 250 фунт (112,5 кг) жинтэй Санта маань газрын татах хүчнээс 17500,06 дахин их хүчний эрхшээлд орж, чарганыхаа ард 4315015 фунт (1941756,75 кг) хүчээр хадагдах ажээ.


Төгсгөлийн дүгнэлт гэвэл хэрэв Санта маань Зул сарын баяраар бэлэг тараах гэж оролдсон л бол мань эр (Санта) өдийд аль хэдийн талийгаач болсон байх нь. Гэхдээ саяын Зул сарын баяраар Сантагаас бэлэг авсан гэдэгтээ үнэхээр итгэлтэй байгаа хэн бүхэн энэ бичсэнийг няцаах гэж оролдох байх л даа.

1 comment:

БЭ said...

happy new year, sonirholtoi bichleg baina.